ТҮҮХЭН ЗАМНАЛ

        1924 онд Монгол Улсад орчин цагийн музей анх байгуулагдсан түүхтэй. 1956 онд байгуулагдсан Улсын төв музейн Байгалийн танхимыг түшиглэн БНМАУ-ын Засгийн Газрын дэргэдэх Соёл урлагийн хөгжлийн хорооны даргын 1991 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 214 дүгээр тушаалаар Монголын Байгалийн Түүхийн музейг байгуулж, музейн захирлаар Алтангэрэлийн Пэрлээг, орлогч захирлаар Пунцагийн Эрдэмбатыг томилсон байна.

      1993 онд орлогч захирал Пунцагийн Эрдэмбатыг музейн захирлаар томилжээ. П.Эрдэмбат 12 жилийн турш Байгалийн Түүхийн музейг анхнаас нь бие даан байгуулах, сан хөмрөгийг арвижуулах, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, үзмэр үзүүллэг дэглэлтийг шинэ шатанд гаргах ажлыг удирдан ажилласан байна.

       2005-2022 онд музейн захирлаар Н.Зоригтбаатар ажиллаж энэ хугацаанд тус музей нь БНСУ-ын Шинжлэх ухааны түүхийн музей, Хуасон хотын болон Чежүдүгийн Байгалийн түүхийн музей, Чанжогийн Байгалийн түүхийн музей, Биологийн болон Биотехнологийн хүрээлэнгүүд, Япон улсын Азабу Их сургууль, Тоёоко хотын музей, БНХАУ-ын Бээжингийн болон Тяньжиний Байгалийн түүхийн музей, Бельги, Францын Шинжлэх ухааны музей, Италийн Милан хотын Байгалийн түүхийн музей, ОХУ-ын Новосибирскийн музейн нэгдэл зэрэг олон музейтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажлын туршлага солилцож, боловсон хүчнээ сургаж дадлагажуулах, үзэсгэлэн гаргах, судалгаа шинжилгээ хийх чиглэлүүдээр хамтран ажиллаж байна.

       Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Музей нэгтгэн зохион байгуулах тухай” 281 дүгээр тогтоолоор Үлэг гүрвэлийн төв музейг Байгалийн түүхийн музейд нэгтгэн зохион байгуулсан. Музейн үйл ажиллагаа улам өргөжиж, 2020 онд Байгалийн үзмэрүүдийн танхимыг ашиглалтанд оруулан үзэгч олондоо үйлчилж байна.